Ж. Эрдэнэцэцэг
Э.Отгонбаяр: Хүлээн зөвшөөрөгдөж чадсан бол үнэ цэн, өндөр босготой байх ёстой
Өнөөдөр сонин 2019-09-20
Э.Отгонбаяр хэмээх зураач залууг мэдэх монгол хүн олон. Үүн лүгээ
адил тэрбээр Европ тивийнхэнд тодорхой хэмжээнд танил болж, хүлээн
зөвшөөрөгдөж яваа авьяастан юм. Берлинд амьдарч, уран бүтээлээ
туурвидаг зураач залуу сүүлийн үед судлаач, урлагийн менежер
мэргэжлээрээ түлхүү ажиллаж байна. Өнгөрсөн жил Монголдоо уран бүтээлээ
дэлгэсэн түүнээс “Ажиглаад байх нь
ээ, сүүлийн үед Европын орнуудад үзэсгэлэнгээ зохион байгуулах нь эрс
багассан байна. Юутай холбоотой вэ. Судалгааны ажлаас болоод зурахаа
хойш тавиад байна уу” гэж асуухад “Би зургуудаа үзүүлье, үзэсгэлэнгээ зохион байгуулъя” гэж нэгэн үе их идэвхтэй явж, уралдаануудад ч оролцдог байлаа.
Одоо харин “Таны үзэсгэлэнг бид
зохион байгуулъя. Та ийм тийм арга хэмжээнд оролцоно уу, тэр бүтээлийг
тань дэлгэж олны хүртээл болгомоор байна” гэж галерей,
музейгээс, судлаач, кураторуудаас санал ирдэг болсон. Би ирсэн урилга
болгоныг шүүрч авдаггүй. Тухайн арга хэмжээний хамрах хүрээ, чансааг нь
харж байж хариу илгээдэг. Хүлээн зөвшөөрөгдөж чадсан бол үнэ цэн, өндөр
босготой байх ёстой гэж боддог. Өмнө нь нэг хаалга онгойлгох гэж яддаг
байлаа. Одоо бол өөрийн хаалгыг хааж, тэгснээр дараагийн хэд хэдэн
үүдийг нээх боломжийг бүрдүүлдэг болсон” гэж хариулав. Энэ бол Монголын
зураач Э.Отгонбаяр амьдарч буй нийгэмдээ, цаашлаад Европын орнуудад
хэдийн танигдаж, нэр хүндтэй болсны илрэл.
Тэрбээр Европт аль түвшинд хүрснийг нь гэрчлэх нэгэн үйл явдал энэ
өдрүүдэд болж байна. Дэлхийн байгаль, уур амьсгалын өөрчлөлт өнөөдөр
ямар байгааг хөндсөн, асуудал дэвшүүлсэн бүтээлүүд бүхий үзэсгэлэнг
Берлинд зохион байгуулж, түүнд олон улсаас 25 орны шилдэг 42 зураачийг
сонгон, оролцуулж буйн нэг нь Э.Отгонбаяр. Кураторынх нь тодотгосноор,
дэлхийн уран бүтээлчдийн шигшмэлүүдийн бүтээлийг тэнд дэлгэжээ.
ХБНГУ-ын Байгаль орчны яамны ивээл доор болж буй “Планет арт”
үзэсгэлэнг 6000 ам метр талбайд дэлгэсэн талаараа зохион байгуулагчид
нь мэдээлжээ. Зураач Отгоо ч энэ талаар онцолж байсан юм. Ер нь олон
улсын хэмжээ ний том үзэсгэлэн, яармаг, экспог зохион байгуулах
танхимынх нь хэмжээгээр, бүр тодруулбал, орон зайгаар нь үнэлдэг жишиг
байдаг аж. Учир нь олон талаас нь, хол, ойроос харж, ерөнхий агуулга,
утга, илэрхийллийг нь мэдэрч, ойлгох гэхчлэн өвөрмөц, онцлогтой
бүтээлүүд байдаг. Нөгөөтээгүүр зай талбайгаар үзэсгэлэнгийн ач
холбогдлыг хэмжих нь бий гэсэн.
Уйгагүй хүн уул нүхэлнэ гэж хэлэх дуртай Отгоо зураач хэдэн жилийн өмнө
Берлинд 440 ам метр талбайтай хоёр дахь “Берлин дэх Отгоогийн орон зай”
галерейгаа нээсэн нь ч ийм учиртай буй за. Ташрамд өгүүлэхэд, Европын
том хотод хувийн галерейгаа байгуулсны дараа тэрбээр “Миний
эрхэм зорилго бол Монголын соёл, урлагийг гадаадад таниулан,
сурталчлах, нэр хүнд, үнэлгээг нь өсгөх явдал. Нэгэн цагт дэлхийг
туурайн төвөргөөнөөр донсолгож, Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ
мөнхөд хоногшуулж чадсан монголчууд өдгөө оюунаараа, урлагаараа дахин
довтлон гарч ирэх болтугай” гэж “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.
Өмнө нь мах бэлтгэлийн үйлдвэр байсан, өдгөө Соёлын төв болсон
байгууламжид “Планет арт” болж буйгаараа тун онцлог юм байна. Ийм
газарт Э.Отгонбаярын “Анти Арктик панорама”
хэмээх, тус бүр нь 1.5х1.5 метр хэмжээтэй, 20 мянга гаруй оцон шувуу
дүрсэлсэн, 12 цуврал, дэлгэмэл бүтээлийг таазнаас дүүжлэн агаарт
байрлуулан олны хүртээл болгож буй.
Тэрбээр үе үе хошигнох дуртай. Яг хэрэгтэй үед нь “хөөрхөн чимхээд”
авна. Энэ удаа ч “Нөгөө хэдэн пингвин минь хүйтэн газарт хэсэг ч болов
байг гэж бодоод би “Планет арт”-д оролцохоор зөвшөөрсөн” гэж хошигнов.
Тэгээд ч цэнхэр гаргийн уур амьсгал, экологийн талаар дуугарах нь
дэлхийн иргэний үүрэг, нэр төрийн хэрэг гэдгийг тэрбээр тодотгосон юм.
Германчууд эрүүл, байгальд ээлтэй байхад түлхүү анхаардаг. Улс төрийн
амьдралд нь хүртэл Ногоон нам нь, экологийн талаар дуугарч байгаа нь
илүү үнэлэгддэг болсон гэдгийг мөн онцлов.
Э.Отгонбаяр дэлхийн уран зураг, урлагийн төвийн нэг Германд хэдийн
танигдсаныг гэрчлэх бас нэгэн арга хэмжээ өнөөдөр Констанц хотод болох
юм. Тус хотын захиргааны санаачилгаар түүний бие даасан “Хязгааргүй”үзэсгэлэнг
эртний нэгэн музейд зохион байгуулж байна. Монгол зураач
залуу “Сүүлийн үед цифрээр “оролдоод” байгаа” гэж байсан. Тэр нь
хязгааргүй орчлонгийн хаа нэгтээ байгаа хүнийг хэдэн сая тоо буюу
цифрээр илэрхийлсэн, дэлгэмэл бүтээл юм. Мөн л цуврал бүтээл бөгөөд
холоос ажиглавал яг л сансраас авсан гэрэл зураг шиг тун содон, өвөрмөц
эд байна. Э.Отгонбаярын туурвилын онцлог нь миниатюр буюу хамгийн
чимхлүүр, тэвчээр шаардсан төрөл юм. Тиймдээ ч эл бүтээлд хэдэн сая
тоо, дүрс багтсан. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас тус улсад
суугаа Элчин сайд оролцох талаар Отгоо цахим хуудсаараа мэдээллээ.
“Би Монголдоо зураачийн мэргэжил эзэмшиж, энэ чиглэлээр ажиллаж байгаад
Герман руу явсан. Надад Монголынх гэх өвөрмөц өв соёл, туурвих арга
барил, эзэмшсэн техник зэрэг давуу тал байгаагаа харуулчихсан. Тиймээс
зурахаас илүүтэй урлаг судлалд суралцаж, боловсорч, эл чиглэлээр
ажиллах нь миний зорилго. Германд ажиллаж, амьдарсан 15 жилийн
хугацаанд судалгаа талыг түлхүү анхаарч ирлээ. Судлал, судалгаа бол
зөвхөн түүх биш. Түүнд тулгуурласан шинжлэх ухааны ажил юм. Энэ
утгаараа би 2010 онд урлаг судлалаар мастерын зэрэг хамгаалсан” гэх энэ
хүн XIII зууны Монголын түүхтэй холбоотой маш том судалгааныхаа ард
гарчихаад, өдгөө түүнийхээ хүрээг улам өргөжүүлж, ном бүтээл болгохоор
ажиллаж байна. Энэ тухай болон Баруунд монгол ахуй соёлыг таниулах,
“гайхуулах”, сурталчлах ажлынх нь талаар түүнтэй ярилцаж, олон сайхан
мэдээлэл сонслоо.
Тэрбээр докторын зэрэг хамгаалахаар бэлтгэж байгаа гэнэ. Үүнийхээ
хүрээнд Германы хамгийн эртний дөрвөн их сургуулийн нэг, Берлин дэх
Гумбольдтын нэрэмжит сургуулийн оюутнуудад лекц уншиж, Азийн өвөрмөц
уламжлалтай эх орныхоо ахуй, аж байдал, Монголын эзэнт гүрэн дэлхийн
соёл, урлагийн ертөнцөд хэрхэн нөлөөлснийг таниулж, тэр хэрээр
судалгаагаа лавшруулж байгаа аж. Яг энэ чиглэлээр Германы олон
байгууллага түүнийг урьж, лекц уншуулахын зэрэгцээ харилцан яриа
өрнүүлдэг нь түүхийнхээ сурталчилгааг хийх бас нэгэн боломж гэж тэрбээр
олзуурхан өгүүлэв.
“Чингис хааны байлдан дагууллын үр
дагавар, нөлөөлөл энэ цаг үед байна уу, тэр үеэс чухам юу үлдэв гэдгийг
судлахад бахархмаар баримт олон байна. Урлаг, соёл амьдралын амин сүнс
гэдэг. Тэгвэл дэлхийнхний сүнсэнд хэдэн зууны турш Монголын эзэнт
гүрнүүдийн нөлөө асар их байсан. Харамсалтай нь, монголчууд маань
өөрсдөө энэ талаар дуугарах гүй, дуу хоолойгоо хүргэхгүй болохоор
Монголтой холбоотой бадарсан гэрлүүдийг тухайн улс уламжлалт өв, соёлоо
болгоод өвлүүлчихсэн. Жишээ нь, манай их хаадын үед олон улс, үндэстний
шашныг хүлээн зөвшөөрч, тэгш эрхтэй оршин тогтнуулж байсан. Байлдан
дагуулсан улсуудад нь тухайн үед сүм, барилга байгууламж босгохдоо
монгол хаан болон түшмэдийн зөршөөрлийг авахын тулд санаа, бодлыг нь
сонсож тусгадаг байж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, монгол хүний таалалд
нийцүүлэхийн тулд жижиг, том гэлтгүй монгол гэх “үнэр” шингээхээс
аргагүй. Өнөө цагийн жишээгээр хэлэхэд, архитектор захиалагчийнхаа
хүсэл, санаагаар л барилга барина. Хэдийгээр өөрөө зураг, загварыг
гаргаж байгаа ч уг санаа, агуулга нь захиалагчийнх юм. Тэгэхээр угтаа
бол зохиогч нь захиалагч болж таарна даа. Үүнтэй адил манай хаадын үед
олон улсад баригдсан сүм, хийд зэрэг цөөнгүй барилга байгууламжид
монгол ухаан их, багаар шингэж, Монголынх гэх элемент шигтгэсэн байдаг.
Гэтэл эл нөлөөллийг цаад улсууд нь мэдэрдэг үү, хүлээн зөвшөөрдөг үү
гэдэг асуулт их чухал. Түүхээ яриад, сурталчилж, ухуулаад явахаар
хүмүүс “Нээрэн тийм юм байна” гэдэг. Гэхдээ аливаа зүйлийг таамгаар
бус, баримт, нотолгоогоор баталгаажуулан гаргах ёстой. Үүний тулд би
ажиллаж, докторын зэрэг хамгаалахаар судалж явна” гэж өгүүлсэн
Э.Отгонбаяр “Миний лекцийг сонсохоосоо өмнө европ хүмүүс тухайн сэдвийн
хүрээнд их, бага хэмжээгээр уншиж, судалчихаад ирдэг. Энэ бол их том
соёл. Мэдээлэл хүртэх, мэдлэг хураах, харилцагчаа хүндлэх соёлд
барууныхан тун ул суурьтай ханддаг” хэмээн тодотголоо.
“Би зурдаггүй. Сэтгэлд минь нэг зүйл үргэлж буцалж, зурахад хүргэдэг”
гэх Э.Отгонбаяр төлөвлөсөн ажил болгоноо мөрөөдөл гэдэг. Тэрбээр
мөрөөдлийнхөө төлөө, их хаад шигээ дэлхийд гарч ирэх монгол ялгарлын
төлөө өөрийн зүгээс түүчээлэн буй залуу. Тэгж дэлхийд дахин цойлон
гарахын тулд монголчууд соёлын бодлогоо эдийн засаг, улс төрийнхөөс
дутахгүй авч явах ёстойг тэрбээр өгүүллээ. Эдийн засгаар хэн нэгнээс
хамаарах үе байж болох ч өв соёлоо хамгаалж, дархлаажуулж чадсан байхад
хэзээ ч бусдын эрхшээлд орохгүй гэж тэрбээр хэлсэн. “Даяаршил гэдгийг
бид дэлхийн хаа сайгүй байгаа “МакДоналдс”-аар төсөөлж болохгүй. Тэр
зүйл манайд байхгүй гэж бид бахархалтай хэлж, цээжээ дэлдвэл сайхан. Эс
бөгөөс бид олон зүйлээ мартахад хүрнэ. Өнөөдөр үнэндээ сүүтэй цайнаас
татгалзаж, кофег илүүд үзэх болсон. Энэ бол өв соёл чимээгүй үгүй
болдог ганц жишээ” гэж том гүрнүүдийн “хоморголох” бодлогыг бас
шүүмжлээд авав.
Өнөөдөр Монголын уран бүтээлчдийн
ялангуяа ахмадуудынхаа оюун, сэтгэлийн үр хүүхэд болсон зураг,
бүтээлийг бэл бэнчинтэй, цуглуулагч монгол хүмүүс бараг л талхны
мөнгөөр худалдаж авч байгаа нь харамсалтай. Энэ бол доромжлол,
гутамшиг. Эдийн засаг ийм хүнд байгаа үед уран бүтээлчдээ харин ч
дэмжих ёстой. Еврейчүүд энэ тал дээр үнэхээр ухаалаг, нэгдмэл байж
чаддаг. Тэдний цусанд үндэстний бахархал гэдэг зүйл бат шингэсэн. Бид
тэгж эвлэрэн нэгдэж, нэгнийгээ дэмжиж, түүнийгээ үндэсний бахархлаа
болгох ёстой гэж Э.Отгонбаяр ярилаа.
Ж.Чинбат
Абстракт, ахуй хоёр нэгдсэн нь
ОТГО-гийн
ЗУРАГ буюу түүний дэлхийгээр аялсан бүтээлүүдийн тухай
Зураач Эршүүгийн Отгонбаяр удахгүй "OTGO
Retrospective works from 1998 to 2018" үзэсгэлэн гаргах
гэж байна. Хэрэв ретроспектив буюу латин хэлний "эргэн харах" гэх
утгатай үгээр нэрлэсэн үзэсгэлэн гарах гэж байвал энэ нь маш чухал,
онцгой үйл явдал гэдгийг илэрхийлдэг билээ. Саяхан гэхэд 2016 онд Йоко
Оно, 2015 онд Хельмют Ньютоны ретроспектив үзэсгэлэнгүүд гарч шүтэн
бишрэгчидээ дахин нэг шуугиулаад авсан.
Хельмют Ньютон гэхэд дахиж шинэ уран бүтээл гаргахгүй, тэнгэрийн
орондоо аль эрт харьсан уран бүтээлч хэр нь гэрэл зурагт дурлагсдыг
өөрийн эрхгүй ховсодсоор байдаг. Тэгвэл уран бүтээлчид амьд сэрүүн
байхдаа ретроспектив үзэсгэлэн гаргах нь урлагт шинэ зүйл ирэхийн дохио
гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд бүтээсэн бүхнээ том зургаар нь
дэлгэж үзүүлнэ гэдэг бол өөр цоо шинэ том зүйл ирж байгаа хэрэг ч юм
билүү. Зураач Э.Отгонбаярт ч бас ийм төлөвлөгөө байж мэднэ. Учир нь
тэрбээр саяхан "Миний шинэ үе ирж байгаа" гэж өгүүлсэн ярилцлага өгсөн
төдийгүй өнгөрсөн жил "Шинэ амьдрал" нэртэй бүтээл толилуулсан байгаа.
Тэгэхээр түүний өмнөх 20 жилд зурсан бүтээлүүдийг эргэн нэг харцгааж,
Э.Отгонбаяр цаашид юу хийх гэж байгааг таамаглацгаая.
Та бүхний мэдэж байгаачлан Э.Отгонбаяр нь монгол зургийн бичил дүрсээр
зурах аргаар калейдоскоп мэт эрээлжилсэн олон өнгөтэй бүтээл туурвидаг
зураач, удаан хугацаагаар ХБНГУ-д суурьшин уран бүтээлээ туурвиж,
европын орнуудад олон арван үзэсгэлэн зохион байгуулж, өөрийн гэсэн
галерей байгуулсан идэвхтэй уран бүтээлч. Зургууд нь үзэгчдэд
хөдөлгөөнтэй, чиглэл урсгалтай юм шиг харагдахын сацуу стерео зураг
шиг, дотроос нь ямар нэг гурав хэмжээст дүрслэл гарах гэж буй мэт
мэдрэмж төрүүлдэг онцлогтой. ОТГО зурахаас гадна урлаг
судлаач, урлагийн менежерээр суралцаж, үзэсгэлэн зохион байгуулах
чиглэлээр судалгаа хийсэн нэгэн билээ.
Түүний тухай монгол, гадаадын хэвлэлүүд хоёр янзаар бичдэг.
Монголд ОТГО-г ихэвчлэн « Морин
төвөргөөнөөр европын сонирхлыг татаж буй чадварлаг уран бүтээлч »
гэж тодорхойлж, амжилт ба ажил хэргийг нь илүү өгүүлдэг бол барууны
хэвлэлүүд ба галерейнууд түүний зурсан зураг, дүрсэлсэн илэрхийллийг нь
задлан бичдэг. Жишээ нь Барутын Гласхүйттэ музей бичихдээ, "Зөвхөн
бүтээлийн хэмжээ нь гэхэд л сэтгэл хөдөлгөм сүрдэм том. Энэхүү уран
зураг нь зургаан метр хагасын урттай, хоёр метр гаруй өндөртэй. Ажиглах
алхам бүрт пиксель мэт бяцхан дүрсүүд амилан хөдлөн тодорно" гэх
зэргээр нарийвчлан өгүүлж байх жишээтэй.
"
Урлаг
гэдэг бусдаас онцгой байвал бишрэгддэг. Чи бусдаас өөр байж чадахгүй
бол уран бүтээлч болоод ч хэрэггүй"
Үнэхээр ч Э.Отгонбаяр хоёр талаасаа сонирхолтой уран бүтээлч.
Барууныханд, дорнын Буддист арга барил буюу шүтээн урлалаар абстракт
зураг зурсан нь, түүн дотроо маш этгээд сонин дүрслэл бүхий мянга
мянган хүн, амьтнаар баялаг өрнүүн түүх өгүүлдэг нь сонирхолтой
санагддаг биз. Тэд ой ухаанаа нэгжиж үзээд ч өмнө нь ОТГО-гийн
зурагтай адил зүйл харж байгаагүй болохоор илүү өөр сэтгэгдэл төрүүлдэг
болов уу. ОТГО-гийн энэ чанар нь Берлин ба германы бусад
хотуудад буй мянга мянган олон үндэстний уран бүтээлчид дотор цөөн
тохиолдох нүүдэлч, монгол хүн гэдгийн ялгарал юм. "
Урлаг гэдэг бусдаас онцгой
байвал бишрэгддэг. Чи бусдаас өөр байж чадахгүй бол уран бүтээлч болоод
ч хэрэггүй" гэх ОТГО-гийн үзэл бодлыг хангалттай
дэмжих туршлага, ур чадварыг монголын урлагийн өв түүнд харамгүй өгчээ.
Тэрбээр 1998 онд ДУДС төгссөн цагаас хойш эхний зургаан жилд шүтээн
зураг урлалын чиглэлээр ажиллаж, бурханы хийгээд амьдралын сайн,
муугийн тухай маш их зуржээ. Энэ нь ч түүний уран бүтээлд тусгалаа
олсон байгаа. "
Түүний
зураг танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ" гэж үзэгчдээс
асуухад тэд, "
Сонирхолтой
хэрнээ бас аймар", "
Цэцэгс
ба моднууд дүрслэгдсэн байгаа хэр нь ээ яагаад нэг л бараан дүрслэлтэй
байгаа юм бол" гэх зэрэг хоёрдмол утгатай хариулт хэлэх нь
бий.
Үнэхээр ч түүний зургийг эгдүүтэй, хөөрхөн болохоор нь дэлхийн үзэгчид
сонирхоогүй бөгөөд хүн төрөлхтний мөнхөд хайж явдаг амьдралын туйлын
утга учир, мөн чанарыг ичгүүргүй үнэнээр нь дэлгэсэнд л илүү саатаж
сонирхдог болов уу гэмээр.
"
ХҮН"
зурагт энэ санаа илүү тод харагддаг. Өнөөдөр дэлхийг бүрхсэн долоон
тэрбум хүнийг шувуу нисэх өндрөөс харах юм бол бүгд л нүцгэн ирж,
нүцгэн буцдаг ба бие, биенээсээ нэг их ялгарах зүйлгүй бодьгалиуд
билээ. Хэдийгээр биднийг ухамсар, соёл, урлаг адгуусан амьтнаас ялгадаг
гэж бид өөрсдөө тодорхойлох авч, үнэндээ байгалийн амьд зүйлс биднээс
бүх талаараа өөр болох нь энэхүү зураг дээр харагдана. Тухайлбал "ХҮН"
бүтээлийн нэгээхэн хэсгийг "
Чонын
сүүлчийн улиан", "
Арслангийн
зүүд" гэх мэтээр нэрлэсэн байгаа нь өргөн хүрээний ёс
суртахууны асуултыг хүмүүст гарган тавьсэн хэрэг юм. Зурагт өгүүлэгдсэн
чонын тухай гэхэд германчууд харамсан дурсахад, монголчууд хайрлан,
хамгаалах тухай бодож байж болно. Энэ нь түүний зурганд буй өөр нэг
энэрэнгүй чанар нь гэлтэй. Энэ зургийг барууныхан "
Хүн дүрст хивс" гэж
нэрлэсэн удаатай.
Монгол зургийн уран бүтээлчид бүтээлээ туурвихдаа ихэвчлэн бясалгалын
түвшинд очиж зурахыг эрмэлздэг билээ. Э.Отгонбаяр ч мөн энэ талаар
ярихдаа, "Бурханы
зургийг гараараа бус бясалгаж буй мэт сэтгэл оюунаараа бүтээдэг. Энэ
үед яг л бясалгал хийж байгаа мэт шинэ эрч хүч ирдэг. Зураач бурхадын
дүрийг бүтээхдээ хамгийн сүүлд мэлмийг нь тодруулснаар бурхад амилдаг"
гэсэн юм. Үнэхээр ч тэрбээр энэ хэлсэн ёсоороо "ХҮН" бүтээлийнхээ
хамгийн сүүлчийн зурлагийг үзэсгэлэнгийн нээлтэн дээр үзэгчдийн өмнө, морин хуурын татлагатай хамт зурж гүйцээсэн
байдаг. Ингэснээр бүтээл амилах ба үзэгч хүлээн авах сэтгэгдэл хоёрыг
нэг дор төрүүлж чаджээ.
Үүнийг мөн л түүний уран бүтээлч ба үзэсгэлэн зохион байгуулагч гэсэн
хоёрдмол шинж чанартай нь холбон тайлбарлаж болмоор санагдана. Зарим
уран бүтээлчид ямар нэг асуудлын тухай, хүссэн зургаа зураад хүссэн
зүйлдээ хүрэх боломжгүй тогтолцооны тухай гомдоллон өгүүлдэг бол харин
Э.Отгонбаяр энэ талаар бусдаас өөр нэгэн. Тэр зөвхөн зураач байгаад
зогсохгүй урлагийн менежер байхыг эрмэлзэж, өөрийнхөө уран бүтээлийн
талаар хүмүүст маш тодорхой ойлголт өгөх алхмууд хийдэг байна. Түүгээр
ч зогсохгүй 2010 онд Германд байгуулсан "ЗУРАГ" галерейдаа маш олон урлагийн арга хэмжээ
зохион байгуулж, олон ажил зэрэг амжуулах гэсээр залуу насаа маш завгүй
өнгөрөөж яваа гэлтэй. Энэхүү түүний өөртөө итгэлтэй, "Би дэлхийн дэвжээ сонирхож байна"
гэж зорилгоо тодорхойлоод түүндээ хүрэх гэж шаргуу ажилласан нь өнөөдөр
түүнийг өөртөө төдийгүй эргэн тойрондоо үнэ цэнэтэй уран бүтээлч
болгожээ. Магадгүй Э.Отгонбаярын "Туурайн төвөргөөн" цувал бүтээлүүд
түүний энэ л зан чанарыг агуулсан байж болох юм.
Өндөр босоо ханыг дүүргэж байрласан том зурган дээр мянга мянган морьд
давхилдана. Эдгээр хоорондоо ялгарах зүйлгүй ав адил морьнууд ямар утга
учиртай юм бэ гэж хэн нэгэн асуумаар. Тэд бүгдээрээ нэгэн зүгт хандаад,
хуйлран давхилдаж буй нь анхны сэтгэгдлийг төрүүлнэ. Цааш нь
лавшруулаад бодвол өөрийн зорьсондоо хүрэх гэсэн хүний мянга мянган
бодолтой тэр морьд адилхан ч байж болмоор. Тэгвэл хүн өөрийгөө яг ийм
омголон, бас залуу морьд шиг өөдрөг үзэл бодол, бүтээлч хандлагаар
цэнэглэвэл тэр олон адуун сүргийн төвөргөөн адил санаа зориг нь зорьсон
газарт нь хүргэж чадах нь гарцаагүй. Э.Отгонбаярын бүтээлүүдийн бас нэг
чухал хэсэг бол "Диваажингийн зургууд" гэх
бүтээлүүд юм. Хар өнгийн цулгуй талбар дээр хүн ба цэцэгс өнгө өнгөөр
алаглан дүрслэгдсэн энэхүү зургууд нь уламжлалт монгол зургийн хоёр
хэмжээст дэлгэмэл зохиомжтой. Олон жижиг дүрслэл нь алсаас харагдахад
мөнөөх л абстракт дүр төрхийг үзүүлэх авч томруулаад нарийвчлан үзвэл
дүрс бүхэнд өөр өөрийн ахуй байна. Эмэгтэй хүний нүцгэн байдлыг зуун
өөр янзаар дүрсэлсэн болохоор энэ зурганд бас зуун өөр янзын тайлбар,
ойлгомж байх бололцоотой.
Хүн бүхэн эдгээр диваажингуудад өөр өөрийнхөө ааш зангаараа, дур
тачаалаараа оршин буй нь эргээгээд үзэгчийг та ч гэсэн өөрийнхөөрөө
диваажинд амьдарч байгаа энэ хүнээс ялгаагүй азтай нэгэн шүү гэдгийг
бас сануулах шиг. Тэгэхдээ дээр хэлсэнчлэн "ОТГО" зөвхөн жаргалтай,
сайн сайхан зүйлсээр нүдээ дүүргэхийг хүсдэггүй зураач. Тухайлбал 2016
онд бүтээсэн "
Антарктидын дэлгэмэл хөрөг"
бүтээлд үй олон оцон шувуу тэр зуржээ. ОТГО-гийн минитаур арга
барил мөхөж устсан оцон шувуудыг дүрслэхэд гайхалтай зохицсон. Түүний
нарийн зурлагат бийр амьтдын зовлон шаналалыг, сүйрэл мөхлийг
хамгаалахын төлөө бэхийг дусал, дуслаар нь хэмнэж зурсан мэт маш нягт
нямбай буужээ. Түүний энэхүү зураг нь Молдав улсын Үндэсний Урлагийн
Музейд олон нийтийн хүртээл болоход нь эхний долоо хоногт
20.000 хүн ирж үзсэн
нь зураачийн санаа зориг дэлхийн сонирт хүрч чадсаны нэгэн илрэл
гэлтэй. Тэрбээр мөн Молдавын Кишиневийн Бьенналиас
гран-при шагнал хүртэж амжилтаа
бататгасан удаатай.
ОТГО-гийн зургууддаа амьтдыг байгалийн бодгаль байдлаар нь шууд
дүрслэхээс гадна хүншүүлэлт хийдэг. Уран бүтээлч хүнд эргэн тойрныхоо
тухай, хүмүүсийн тухай маш өвөрмөц, сонин содон тодорхойлолт, дүгнэлт,
дүрслэлүүд байдаг юм. Тэгвэл ОТГО-гийн бүтээлүүдэд нийт хэдэн зуун
мянган хүн зурагдсан билээ. Магадгүй ОТГО зургандаа таныг,
таны сайн танил хүнийг, үзэн яддаг, хайрладаг хүмүүсийг ч багтаачихсан
байж магадгүй. Ингэхдээ улаан, ногоон, шар, цэнхэр гэх мэт өнгөөр нь
тэр ангилсан байж болзошгүй. Эс бол хүсэл шуналдаа автагч нэгнийг нь
могой дүрсэлж, амьдралын хар цагааныг хослуулан амьдардаг хүмүүсийг
тахь унасан толгойгүй хүнээр ч төлүүлүүлсэн байж болно.
Тэгэхдээ тэрээр юуг ч туйлын сайн ба муу гэсэнгүй. Б.Отгонбаяр "
ABU DHABI ART 2017"
үзэсгэлэнд толилуулсан "
Зураг" нэртэй бүтээлд гэхэд хүн,
тахь, морьд бүгд зэрэгцэн оршино. Нийт 10 тусдаа зургаас бүрдэх энэ
бүтээл нь яг л солирын бороо шаагиж байгаа огторгуйн уудам шиг
хязгааргүй орон зайг дүрслэн харуулах шиг болно. Яг л хийсвэрлэл
хийгээд зөн билгээр төрөх сэрэл мэдрэмж шиг хязгааргүй нууцлаг зүйл шиг
санагдуулна. Хаос буюу эмх цэгцгүй, адил төсгүй чанар өнөөдөр дэлхийн
хаа сайгүй газар авч, яалт ч үгүй шинэ амьдралын үндсэн шинж чанар
болоод байна. Тэр байдал ОТГО-гийн "
Зураг"-наас харагдана.
Яг л тийм уран бүтээлийн шилжилтийг ОТГО сүүлийн үеийн уран
бүтээлүүддээ тусгасан бололтой. Харин энэ бүхний эцсийн гаргалгаа, дүн
шинжилгээг үзэгч та өөрөө түүний одоо гаргах гэж буй
« OTGO
retrospective » үзэсгэлэнгээс мэдэх боломжтой.
Тэрбээр 1996 онд анхны үзэсгэлэнгээ гаргаж, 2001 оноос хойш эх орондоо
төдийгүй Герман, Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг
зэрэг улсуудад үзэсгэлэн зохион байгуулсан цагаас хойш хуримтлуулсан
бүх эрч хүч, ур чадвар одоо толилуулах гэж буй 20 зурганд нэвт шингэсэн
буй биз ээ. Зүгээр ч нэг уран бүтээлчийн туурвих сэтгэлээс гадна бас
Сингапур, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Голланд, Герман зэрэг орон орны
ерөнхийлөгчөөс эхлээд энгийн нэгэн урлаг сонирхогхогч хүртэл төрөл
бүрийн хүмүүсийн шохоорхлыг татаж, оюуныг цэнгүүлсэн бүтээлүүд байх
болно.
Ж.Чинбат
Улаанбаатар 2018
Тус
биеннал нь 2009 онд анх Молдав улс Соёлын Яамныхаа ивээл дор үүсгэн
байгуулж хоёр жилд нэг удаа орчин үеийн уран зургийг туурвигч олон
улсын зураачдыг дэмжиж, тэдний уран бүтээлийг дэлхий дахинд түгээн
дэлгэрүүлэх, танилцуулж урамшуулах зорилгоор зохион байгуулж ирсэн
бөгөөд Молдавын нийслэл Кишинев (
Chisinau) хотын нэрээр ийнхүү биеннал-г нэрлэсэн байдаг.
Энэхүү
4 дэхь удаа зохиогдож буй олон улсын урлагийн нэр төртөй арга хэмжээг
мэргэжлийн 8 хүнтэй олон улсын шүүгчдийн баг 32 орноос оролцсон 145
уран бүтээлчидийн 160 шалгарсан бүтээлүүдтэй танилцан шилдэг 6 уран
бүтээлийг шалгаруулсны нэг нь биенналийн хамгийн том шагнал болох
(
Grand Prix)-ийг "
Туурайн төвөргөөн – 52"
бүтээлд өгөхөөр тодруулжээ. Нийт олон улсын нэр хүндтэй 8 шүүгчидийн 7
нь уг бүтээлийн төлөө саналаа өгсөн нь тус тэмцээний хувьд анх удаа
дийлэнх шүүгчид нэг бүтээлийг санал нэгтэй тэргүүн байранд сонгосон
тохиолдол боллоо гэж биенналийн ерөнхий куратор, Молдавын Үндэсний
Урлагийн Музейн ерөнхий захирал З.Тудор (
Tudor Zbârnea) онцлон тэмдэглэж хэлсэн байна.
2015
оны 5 дугаар сарын 14-ний өдөр Молдав улсын нийслэл Кишиневт биенналийн
шилдгүүдэд шагналыг гардуулснаар үзэсгэлэнг нээх бөгөөд Молдавын
Урчуудын Эвлэлийн Хорооны үзэсгэлэнгийн танхимд тус шалгарсан бүтээлүүд
нь 2015 оны 6 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл тавигдаж улмаар энэ
үзэсгэлэн бүрэн эхээрээ 2015 оны 8 сард Румын Улсын нийслэл Бухарест
хотыг зорино.
Э.Отгонбаярын цуврал бүтээлүүдийн нэг
болох "Туурайн төвөргөөн – 52" нь түүний энэ оны анхны бүтээл ба
1999 онд тус цувралын эхний бүтээл зурагдаад одоо Австрали улсад, харин
хамгийн томд тооцогдох 720*440 см хэмжээтэй "
Туурайн төвөргөөн – 30" нь 2012-2013 онд бүтээгдээд одоо та бидний сайн мэдэх Бест Вестерн Пример Туушин зочид буудлын хоймор танхимийг чимж байгаа.
Монголын
орчин үеийн уран бүтээлчидийн томоохон төлөөлөгч Э.Отгонбаяр монгол
зургийн уламжлалт арга, техникийг задлан хөгжүүлж орчин цагийн хэлбэрт
оруулан уран бүтээлээ туурвидаг онцлогтой. Тэрбээр 2005 оноос хойш
Герман улсад амьдарч бүтээлээ туурвихын зэрэгцээ 2010 онд
Берлиний Урлагийн Их Сургуулийг
амжилттай дүүргэж улмаар тухайн жилдээ "ЗУРАГ" нэртэй галерейг орчин
үеийн урлагийн төв гэгдэх Берлин хотод үүсгэн байгуулсан нь Монголын
урлагийн түүхэнд монгол хүн хилийн чанадад нээсэн анхны галерей болсон
байдаг.
Энд тэндхийн вэб хуудас
сөхөж явсаар нэгэн сайтад удаан саатлаа. www.mongolian-art.de
хэмээх энэхүү сайт бол зураач Эршүүгийн Отгонбаярын интернэт дэх урлан
байсан юм. Тэрбээр сүүлийн дөрвөн жил Берлинд амьдарч, Германы Урлагийн
их сургуульд сурахын зэрэгцээ уран бүтээлээ туурвиж буй. 1998 онд
Дүрслэх урлагийн дунд сургуулийн монгол зургийн ангийг төгсөж, бурхны
зургийг зургаан жил гаруй судалжээ. Зургуудыг нь харахад өөрийн гэсэн
өвөрмөтц ертөнтц, арга барил, өнгө аяс анзаарагдсан. Түүнтэй цахим
шуудангаар холбогдож, уран бүтээл, Берлин дэх амьдралых нь тухай
ярилцлаа.
MN: Тухайн уран бүтээлчийн урланд
зочилж, бүтээлээ туурвидаг орчинд нь уран
бүтээлийн халуун яриа өрнүүлдэг уламжлалтай. Та Берлинд байгаа учраас
урланд тань зочлох боломжгүй юм. Тиймээс урлангаа нүдэнд харагдтал
дүрслээч.
- Наран талдаа цонхтой, өндөр таазтай хуучны
байр. Нэг том ширээ, олон ном, зурагт, аквариум, усан будаг, бийрний
цуглуулга, харандаа, түүш гэх мэт эд хогшилтой. Би тосон будгаар их
зурдагүй болохоор цэвэрхэн суудаг.
Энд хуучны иймэрхүү байшин олон.
Тааз нь өндөр болохоор агаар сайтай сайхан байдаг юм. Таазны өндөр нь
4-8 метер. Берлинд л гэхэд 5000 орчим зураачид ажиллаж уран бүтээлээ
туурвидаг гэсэн мэдээлэл байдаг юм билээ. Олон улсын уран бүтээлчид
олноороо Берлинийг зорьдгийн шалтгаан нь газар зүйн сайхан байрлалаас
гадна урлангийн байр элбэг болон бусад хотуудтай харьцуулахад хямд
байдагт оршино.
MN: Та ямар зорилгоор Берлинийг
зорьсон бэ?
-
Сурах гэж. Дараа жил магистраа хамгаална. Миний сурч байгаа ангийг
"Kunst im Kontext" гэх буюу үгчилбэл урлаг амьдралд гэсэн үг.
MN: Бурханы зургийг зургаан жил гаруй
судалсны эцэст зурж эхэлсэн гэдэг. Яг тиг жаягийнх нь дагуу зурдаг уу?
-
Монгол зураг судалж, зурахын тулд бурхны зургийг судлахгүй бол болохгүй
гэж би боддог. Олон төрлийн тиг жаягтайгаас гадна зурах арга барилын
хувьд мөн олон төрлийн техник шингээсэн байдаг. Тиг жаягийг нь
баримтлахаасаа илүүтэй урлагийн бүтээл гэдгээр нь харах дуртай.
Бурхадын зургийг би зохиож зураагүй, түүнээс суралцсан. Олон бурхан
зураад ирэхээр өөрөө бурхан бүтээх юмсан гэж бодогдсон шүү. Буддын
шашинд 10 мянгаас илүү бурхны дүрслэл байдаг гэж уншсан. Амьтай юм
болгонд бурхан байдаг юм уу даа. Тэгээд бурхан бүтээхээр эрэлд гарсан
юм. Ямар бурхан бүтээх вэ гэж их удаан бодсон. Бүтээх бурхнаа олсныхоо
дараа "Яагаад ингэж удаан бодсон юм бол оо" гэж өөрөөсөө ичсэн шүү. Тэр
бурхан маань миний аав, ээж хоёр байсан. Би тэднийгээ бурханы дүрээр
мөнхлөхийг хүссэн юм.
MN: Мөнхөлж чадсан уу?
- Зурсан
MN: Та зурагтаа аливаа юмыг ихэвчлэн
олон тоогоор дүрсэлсэн байна. Энэ нь ямар нэгэн утга учир агуулдаг уу?
- Амьдрал баялаг шүү дээ. Би олон төрлийн зүйлийг нэг дор хөдөлгөөнд
оруулж тоглох дуртай.
MN: Тоглох оо? Таныхаар зураг зурах
нь тоглоом тоглохтой адил гэж үү?
-
Би хийх ёстой гэж бодож зурдаггүй. Зураад сууж байх нь надад таатай
сайхан мэдрэмж төрүүлдэг. Энэ нь надад ямар нэгэн ээдрээтэй тоглоом шиг
санагддаг. Тиймээс ч тоглох гэдэг үг таарах юм шиг.
MN: Нэг зурагт олон үйл явдлыг
багтааж, түүнийгээ нэг бүрчлэн задалж
харуулсан байна лээ. Ямар зурагт тань хамгийн олон зүйл багтсан бэ?
-
Зарим зураг маань маш нарийн, жижигхэн. Хүмүүс анх хараад ямар нэгэн
бодит зүйл байгаа эсэхийг нь анзаардаггүй. Би түүнийг зурахад их цаг
зарцуулсан. Тэр утгаараа хүмүүс ч бас удан харж байж учрыг нь олдог юм
шиг санагдсан. "Хүмүүс" хэмээх А4 (21 x 30 см) хэмжээтэй нэг зурагтаа
1200 хүн дүрсэлсэн. Би зарим зургаа вэб хуудсандаа хэсэгчлэн томруулж
харуулсан маань хүмүүс түүнийг нарийвчилж харасай гэж хүссэнийх. Монгол
зураг нарийн ажиллагаатайгаараа миниатур хандлагатай байдагт гайхах
юмгүй. Бид нүүдэлчин соёлтой улс. Зургийг том хэмжээгээр зурах нь авч
явахад хэцүү байсан биз. Эндхийн Мюнхен хотод нэгэн баян цуглуулагч
музей байгуулж байгаа юм билээ. Би элчин сайдын зөвлөгөөгөөр тэр
бүтээлүүдийг очиж үзсэн юм. Монголын бурхны шашны хэдэн мянган бүтээл
байсан. 10 x 15 см хэмжээтэй зураг л гэхэд 2000 гаруй байна лээ.
Заримыг нь хараад "Хүний гараар яаж ийм зүйл бүтээдэг байна аа" гэж
бодсон шүү.
MN: Таны зургийн баатрууд дандаа
эхээс төрснөөрөө, өөрөөр хэлбэл нүцгэн байх юм.
-
Хүн гэдгээсээ илүү байгаль гэдэг утгаар нь харуулахыг хичээсэн юм.
"Диваажин" нэртэй цувралын зарим зургийг эхлээд харахад зүгээр л
цэцэгс, хараад л байвал хүмүүс, бүр лавлаж харвал хүн, амьтны
хөдөлгөөн, дүрс харагдах жишээтэй. Бид байгаль эхий хүүхдүүд. Өөрөөр
хэлбэл, байгалийн бүтээгдэхүүн, амьд цэцэгс юм шүү дээ.
MN: "Диваажин" хэмээх цуврал их
сонирхол татлаа. Ямар түүхтэй, хэрхэн
бүтсэн, ямар онцлогтой бүтээл вэ? Энэ зургийг зурахдаа та юу бодож байв?
- Чи өнгөтэй зүүдэлдэг үү?
MN: Сайн санахгүй байна.
-
Би бүр багаасаа л өнгөтэй зүүдэлдэг байсан. Дотроо тольтой, өнгө өнгийн
хагархай шилтэй, дуранг нь эргүүлэхээр өнгө бүрийн дүрс харагддаг
бөөрөнхий дуран тоглоом байдаг байсан даа. Яг тиймэрхүү алагласан
өнгөөр зүүдэлдэг. Тэр зүүдэнд алагласан цэцэрлэгт хүрээлэн, өнгө өнгийн
нүцгэн хүмүүс нисэлдэж, бүжиглээд л, хөөцөлдөж тоглоод л байдаг байлаа.
Багадаа түүнийг зурах юмсан гэж ерөөсөө бодож байсангүй. 1998 онд
монгол зургийн ангиа төгсөөд, дараа нь бурхны зураг сонирхож, судалж
эхэлсэн. Тэр үед ч бас зүүдлээд л байсан. Түүнийгээ зурах гэхээр
болохгүй, эсвэл чаддагүй байлаа. Нүдэнд харагдаад сэтгэлд бодогдоод
байдаг хирнээ дүрсэлж болдоггүй, хэлж чаддаггүй нэг тийм зүйл заримдаа
хүнд тохиолддог шүү дээ. Нэг удаа оролдоод амжилттай болсноос хойш
зүүдээрээ олон зураг зурсан.
MN: Одоо ч өнгөтэй зүүдэлдэг үү?
- Хааяа
MN: Тэр дор нь цаасан дээр буулгадаг
уу?
- Буулгах гэж хичээдэг.
MN: Зүүдэнд тань түүнээс илүү гоё
хараггдаг байх нь ээ.
-
Тийм ээ. Тэр зургууд бол зүүдээ олон талаас нь харах гэсэн оролдлогууд.
Тэр зургуудаараа кино хийх бодолтой байгаа. Гэхдээ удаан хугацааны
дараа байх. Би анх тэр зургуудаа "Диваажин" гэж нэрлэхийг хүсээгүй юм.
Хүмүүс л "Чиний диваажингийн зургууд чинь..." гээд байхаар нь тийм нэр
өгчихсөн.
MN: Ямар зураг байсан бол та анхалж
"Диваажин" гэж нэрлэх?
- Зурж байх агшинд би диваажинд байгаа юм шиг санагдах тэр үед л...
MN: Аливаа зүйл хоёр талтай байдаг.
Тодруулбал диваажингийн нөгөө талд там
бий. "Там" нэртэй цуврал бүтээл байгаа болов уу гэж хайсан юм. Вэб
хуудаснаас тань лав олсонгүй.
- Бид өөрсдөө л диваажин болоод тамыг бүтээдэг шүү дээ.
Хүн болж төрсний учир чи
Хүн
болгоныг хүндэлж яв.
Хүнээс хүчтэн энэ хорвоод үгүй тул
Хүнээс айж болгоомжилж яв.
Буруу биш зөв сэтгэлтэй бол
Бурхан биш хүн чамайг аварна.
Булзаж харин хорон санаа өвөрлөвөл
Буг биш хүн чамайг хорлоно...
Энэ их сайхан шүлэг байгаа биз. Би их дуртай. Би тамын тухай зурсан.
Гэхдээ "Там" гэж нэрлээгүй.
MN: Морь, чоно хоёр монгол хүнд ойр
байдаг л даа. Харин аалз, могой хоёрт
дуртай монгол хүн бараг үгүй. Өчнөөн олон амьтан байхад яагаад энэ
хоёрыг сонгож уран бүтээлдээ мөнхлөх болов?
- Хүний эрээн
дотроо могойн эрээн гаднаа гэдэг дээ. Миний зургуудыг эхлээд харахад их
гоё, бурамтай чихэр шиг, эсвэл алагласан цэцэгс шиг харагдаж байгаа.
Нарийн харвал тэнд дүрсэлсэн зүйлс бүгдээрээ тийм ч сайхан зүйл биш ээ.
MN: Гаднаа гяланцаг дотроо паланцаг
гэж үү?
- Тийм юм уу даа.
MN: Яагаад таныхаар амьдрал тийм
байдаг гэж үү, эсвэл хүмүүс үү?
-
Магадгүй. Гэхдээ аалз могой хоёр бол зүгээр л символ дүрслэл. Цэцэг
хараад таатай сэтгэл төрдөг бол аалз хараад огт өөр мэдрэмж төрнө шүү
дээ.
MN: Дийлэнх бүтээл тань эротик аястай
юм.
-
Намайг нүцгэн хүн зурж эхлэхэд зарим хүн секс зурлаа гээд тийм таатай
хүлээж аваагүй. Секс бол бурхны бидэнд өгсөн бэлэг. Диваажин гэхээр
сайхан зүйл санаанд ордог шүү дээ. Тэрийг л би эротик дүрслэлээр
илэрхийлсэн юм.
MN: Германд амьдарч уран бүтээлээ
туурвих нь, Монголд амьдарч бүтээлээ туурвихаас хир ялгаатай байна.
-
Том хот, олон хүн, илүү боломж... Эндхийн хүмүүс урлагийг их хүндэлж,
үзэж сонирхох тал дээр гайхмаар шүү. Олон улсын чанартай үзэсгэлэн
гарлаа гэхэд түүнийг үзнэ гэдэг тим амар биш. 1700-гаад оны үед амьдарч
байсан Испанийн зураач Гоягийн үзэсгэлэнг үзэх гэж би дөрвөн цаг
оочирлосон. Зарим хүн ном, шатраа сандалтайгаа аваад ирчихсэн байдаг
гээд бод доо.
MN: Нэлээд хэдэн
оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан юм билээ. Гадныхаас юуг нь хамгийн
сайн сурав. Бас тэдэнд юугаараа гайхуулж явна.
-
Гайхуулахаар ч юм ховор доо. Хүмүүс "Би Монголоороо гоёдог" гэж ярьдаг.
харин энд монгол хүн гэхээр их сонин санагддаг юм шиг байна лээ.
Монголоос ирсэн зураач гэхээр Монголын түүхийн талаар их асуудаг. Ихэнх
нь энэ тал дээр буруу ойлголттой явдаг юм билээ. "Монголын нууц товчоо"
зурагт ном маань энэ ойлголтыг бага ч гэсэн өөрчлөөсэй гэж хүсдэг. Тэд
монголчуудыг зэрлэг, бүдүүлэг дайчид байсан, бүх зүйлийг нурааж
сүйтгээд л, бүхнийг хүч чадлаараа шийддэг хүмүүс мэтээр ойлгодог. Бас
өөрийн гэсэн соёлгүй улс мэтээр ярих нь ч бий. Монголын ёс заншил,
соёл, угсаатны зүйг номоороо түлхүү харуулахыг хичээсэн. Харин сурсан
юм их шүү. Хүн байгаа орчноосоо өөрөө ч мэдэлгүй юм сурч байдаг юм
болов уу.
MN: "Монголын нууц товчоо - Монгол
зургийн аргаар" гэсэн сэдвээр магистраа хамгаалах гэж байгаа гэсэн.
Тодруулаач.
-
Би "Монголын нууц товчоо"-г анх 12 настайдаа уншсан. Баахан хүний нэрс,
эртний үг хэллэг... унших хүсэл их байсан ч ойлгоход хэцүү байлаа. Тэр
үед би энэ номыг ямар нэг хүн сайхан задлаад хямбар, ойлгомжтой хүн
болгочихдоггүй юм байх даа гэж боддог байсан. "Монгол зураг" -ийн ангиа
төгсөөд бүрэн эхээр нь монгол зургийн аргаар хийх юмсан гэсэн хүсэлдээ
хөтлөгдөж, судалгааны ажилдаа орсон. 2003 оноос зурж эхэлсэн. Бид агуу
түүхтэй улс. Түүнийгээ судалж мэддэг байх хэрэгтэй. Би энэ номоороо
уншсан ч ойлгоогүй гэдэг асуудлыг жаахан ч гэсэн шийдэж өгөхийг хүссэн
юм. Хоёр боть болгож хэвлүүлнэ. Эхнийх нь 255, хоёр дахь нь 365 орчим
хуудастай. Зураг нь бэлэн болсон. "Монголын нууц товчоо"-г анх 1941 онд
герман хэлээр орчуулж хэвлүүлснээс хойш таван удаа шинэчлэгдсэн юм
билээ. Би номоо эхэлж Герман хэл дээр гаргана. Ц. Дамдинсүрэнгийн орчин
цагийн монгол хэлрүү хөрвүүлсэн "Монголын нууц товчоо"-ны нийт текстийн
75-80 хувийг оруулж байгаа. Герман хэлний орчуулгыг нэрт монголч
эрдэмтэн доктор Ренате Баувэ хийж байгаа. Энэ хүн монгол хэлийг 30
гаруй жил судалж, зааж байгаа. Дараа нь монгол хэлээр хэвлүүлнэ. 2012
он гэхэд герман, монгол хоёр хувилбарыг хэвлүүлж дуусгах төлөвлөгөөтэй
байгаа.