Tsogtbayar Samandar
Tsogtbayar Samandar












Tsogtbayar Samandar

Самандарын Цогтбаяр


Самандарын Цогтбаяр нь (1964 онд төрсөн) Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн (2011), монголын шог зураачдын томоохон төлөөлөл зураач юм.
С.Цогтбаяр нь нийгмийн амьдрал, улс орны улс төрийн байдал зэргийг хошин хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг чөлөөт уран бүтээлч юм. Тэрбээр Дүрслэх урла­гийн дунд сургууль дүүргэж "Үнэн", "Тоншуул" со­ниноос ажлын гараагаа эхэлжээ. С.Цогтбаяр нь VII ангиасаа хөгжмийн бичлэг, ном цуглуулдаг болжээ. "Учиртай инээд", "Төрийн төлөө оготно", "Шог зургууд" зэрэг шог зургийн олон номыг нийтийн хүртээл болгосон.





Official Facebook_site of
Tsogtbayar Samandar





Монгол Тулгатны 100 эрхэм | С.Цогтбаяр
YouTube link: https://youtu.be/I7cRfklUJlE






Шог зураач С.Цогтбаяртай ярилцлаа. "Тоншуул" сэтгүүл хэдий гарахгүй байгаа ч тэрбээр уран бүтээлийн олз омог ихтэй байгаа гэсэн. Ингээд бүгдээрээ Цогтбаярын ертөнцөөр аялъя.

-“Тоншуул”- ын уншигчид  сонингоо хүлээж байгаа даа. Яагаад гарахгүй байна аа?
-Тоншуулын хувьд 2002 оноос сэргэж гарсан. Ганцхан миний хувийн санхүүгээр энэ том сонин гарахад жаахан хэцүү байна. Өөрөө дуртай сонирхолтой болохоороо гаргаж байсан.  Ашгийн төлөө бус. Түр завсарлаад хэлбэрийг нь жаахан өөрчилдөг юм билүү  гэж бодож байна. Сэтгүүл болгох санаатай. Манай “Тоншуул” сэтгүүл нэртэй боловч сонин шиг гараад байсан даа. Одоо  жинхэнэ утгаараа  сэтгүүл хэлбэрээр гаргахаар төлөвлөж байна.  Сүүлийн үед хараад байхад сэтгүүлийн зах зээл их сайн хөгжиж байна.Би чинь өөрөө долоо хэмжиж нэг огтолдог хүн байхгүй юу. Одоо  тав дахь дээрээ явж байх шиг байна.

-Тэгвэл шинэ оноос цоо шинэ “Тоншуул” сэтгүүлтэй болох нь ээ?
-Би тэрэнд нэг их яарахгүй байна. Яарахгүй байхын шалтгаан өнгөтэй,  сайхан сэтгүүл гаргахын тулд нэлээд хөрөнгө хэрэгтэй. Тэгэхээр тэр хооронд би бяр ормоор байна ш дээ.

-“Тоншуул” сэтгүүл 70 жилийн түүхтэй.  Үеийн үед манай нийгмийн хүчтэй  шүүмжлэгч байж чадсан нь гайхалтай.
-Социализмийн үед бол шүүмжлэх нь дээрээсээ доошоо байжээ. Тэгэхээр  оршин тогтнох нь аргагүй юм. Тэр үед чинь Хэвлэл, Утга зохиол хянах газар гэдэг чинь жинхэнэ утгаараа ажилладаг байлаа шүү дээ. Тэр хяналтыг давж гарсан шүүмжлэл бас жаахан мохоодуу л байсан  л даа. Гэхдээ л 80-аад онд 120 мянган хувь хэвлэгддэг байсан. Одоо ч ингэж хэвлэгддэг сонин лав байхгүй ээ. Өөрсдөө сайн дураараа тэгж захиалдаг байсан. Тэр үед одоогийнх шиг чөлөөт хэвлэлийг хүмүүс их эрэлхийлж  байсан. Түүн  рүү дөхсөн  ганц хэвлэл  нь “Тоншуул” л байсан юм шиг байгаа юм. Айлын бага нь гал голомтоо аваад явдаг шиг би  хамгийн отгон нь байсан болохоор одоо ингээд аваад явж байна даа.

-Танайхан  түр завсарлаад юу хийцгээж байна?
-Түр амсхийгээд хувийн уран бүтээлдээ анхаарч байна. Сонингоо гаргаж байхдаа яг зурган дээрээ тулж ажиллах нь эрс багасчихсан байсан. Гадагшаа үзэсгэлэнгүүдэд нэлээд оролцлоо. Энэ намар түр амрах гээд говь руу явахынхаа өмнө 50 дахь үзэсгэлэндээ зургаа явууллаа. Шог зураг гэдгийг хөгжүүлэх хэрэгтэй байна.  Жалга довондоо байгаад баймааргүй байна. Уул нь энэ төрөлд манайх амжилт олох маш их боломжтой. Учир нь тийм үе манайд байсан. Харьцангүй хязгаарлагдмал байх үед ш дээ. Тэгсэн одоо бүх юм  чөлөөтэй болсон чинь байхгүй болчихож байгаа юм. Яагаад гэхээр шог зургаар амьдрах боломжгүй байна л даа. Мань мэт нь нөгөө манъяк болчихсон гэдэг шиг, бүр энэ зургандаа орчихсон болохоор л ингэж явж байгаа юм.  Тэгэхээр одоо юу бодож байна вэ гэвэл  энэ шог зургаар хүн амьдардаг болох тэр боломжийг хайж байна. Гадаадын үзэсгэлэн уралдаанд орж өндөр шагнал урамшуулал авах, эсвэл дотоодын хэвлэлүүдтэйгээ харьцаад шагнал урамшлаар нь амьдрах тэр л нөхцлийг бий болгох хэрэгтэй  л дээ. Би  өмнөх жилүүдийгээ бодвол яг зурган дээрээ нэлээд сайн суулаа. Гадаадын 50-н үзэсгэлэнд орно гэдэг миний хувьд гайхамшигтай том рекорд болчихоод байна л даа. Хэд хэдэн  шагнал авчраад л байна. Энэтхэгт болсон үзэсгэлэнгээс шилдэг зургийн шагнал авлаа. Солонгосоос тусгай шагнал, Сирээс амжилтын шагнал  гээд аваад л байна. Энэ олон үзэсгэлэнд  ороод уралдаад байх нь нэг их чухал биш юм. Хамгийн гол нь Монголынхоо нэрийг гаргана гэдэг чинь эхний ээлжинд шат ахиж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл Молдав, Мозамбик гээд л дуусчихсан байсан бол одоо Монгол гээд байж байна ш дээ. Энэ сэтгэлгээний урлагийн үр дүн нь шууд  гарч ирдэггүй болохоор хүмүүс нэг их сонирхохгүй байна л даа. Тэгэхээр үүнийг ойлгуулахын  тулд ажиллах хэрэгтэй. Монгол хүн дундажаар 60 насална. Би  60 хүрээд нас бартал Монголын хамгийн сүүлчийн шог зураач нас барлаа гээд зурагтаар ярьвал яах уу, эмгэнэлтэй биз дээ. Тэгэхгүйн  тулд юм хийх хэрэгтэй байна аа.

-Шог зургаараа бэлтгэж байгаа  гарын шавь  байна уу?
-Яг үнэндээ тийм хүн гарч ирэхгүй байна. Комикс уран бүтээл хийдэг хүүхдүүд манай дэргэд байсан л даа. Одоо зарим нь том болоод зургийн сургуульд яваад л. Гэхдээ мэдээж Монголын авъяас юу гэж л дундрав гэж дээ. Хөрс боломжийг нь бүрдүүлээд өгчихвөл дороо л гараад ирнэ л дээ. Сайн бэлдсэн хөрстэй байх юм бол ямар ч үр тариа сайхан ургана шүү дээ.

-Одоо шог зураг зурдаг хэдэн зураач байна?
-Яг үнэнээ хэлэхэд 10-аас дотогшоо орчихоод байгаа байхгүй юу. Идэвхтэй зурж байгаа нь. Шинэ залуу хүмүүс гарахгүй байна. Тэдэнд талбар нь алга. Тэд нарт бол хоёр тэмээгээ, нэг гэртэйгээ зураад тав арван доллараар жуулчдад зарж байсан нь л  дээр байна л даа. Үүний цаана маш олон шог зураачид байгаа байх гэж боддог.

-Монголын шог зургийн хөгжил ийм байж. Дэлхийд, олон улсад шог зургийг хүлээж авах, түүгээр амьдрах боломж нөхцөл хэр байдаг бол?
-Дэлхий дахинд гэхээр хөгжөөгүй салбар алга байна ш дээ. Бүх л юм гайхамшигтай. Шог зураг их төгс хөгжсөн мундаг салбар ш дээ. Үзэсгэлэн, уралдаан  байнга болно. Би энэ жил  50-н үзэсгэлэн, уралдаанд оролцсон гэдэг чинь бас л алгасахгүй орж  чадахгүй л байна л даа. Гэхдээ яахав сайн  гэсэн, нэр хүндтэй үзэсгэлэнгүүдэд бүгдэд нь орж чадсан. Тэгээд хамгийн гол нь энэ салбар чинь хүмүүсийг их гэгээрүүлдэг. Манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч өөрөө аягүй харанхуй болчихоод  байна. Харьцангүй мөнгө төгрөг нь олдоод байгаа тайз, дэлгэцийн урлаг нь их хөгжөөд байна л даа. Дээр нь манай нийгэм өөрөө баахан стресс байгаа болохоор хүмүүст энэ хошин урлаг чинь толгойны эм болж байна. 

-Шог зураачдад онгод гэж  байдаг болов уу?
-Нэг их онгод гээд байх зүйл гайгүй ээ. Хааяа нэг огт санаа орж ирэхгүй үе байдаг шүү. Шугаман биш этгээд сэтгэх л хэрэгтэй юм л даа. Их мэдээлэлтэй байж түүнийгээ тунгаагаад өвөрмөцөөр л гаргаж ирэх хэрэгтэй юм даа. Энэ нь магадгүй яг хувь хүнд  заяагдсан авъяас юм болов уу. Тиймээс хүн болгон энэ салбар луу нэг их ороод байдаггүй байх  л даа. Хошин шогийн нарийн мэдрэмжтэй болно гэдэг нь цэвэр авъяас юм болов уу. Барамсай, Байды, Цэнд-Аюуш, Доржготов, Б.Цэнддоо гээд цаанаасаа заяасан авъяастай хүмүүс байгаа биз.

-Ер нь бол зурах гэж байгаа зураг  нүдэнд харагдана биз дээ?
-Тэгэлгүй яахав. Янз янзын мэдээ, мэдээлэл сонсохоор тэгээд тархи ажлаад л эхлэнэ шүү дээ.

-Шог зураг зурах сэдэв бол хаанаас л бол хаанаас ундраад байх уу?
-Зурах сэдэв мундахгүй байна аа. Хаашаа л харна хошин шог. Зүгээр л байж байгааг нь харахад хошин зүйлүүд их байна ш дээ. Энэ их хурлын гишүүдийн зүгээр  байж байгаа байдлыг нь зурахад л шог зураг болчихож байгаа байхгүй юу. Одоо энэ болж байгаа УИХ-ын чуулган чинь драмын жүжиг шиг л болчихсон байна  ш дээ. Одоо бараг манай энэ жүжигчид чинь ажилгүй болчих гээд байгаа юм биш үү. Ийм хэцүү үед байгаа  хүмүүст тайвшруулсан, гэгээрүүлсэн мэдээ мэдээлэл маш их хэрэгтэй байна ш дээ. Манай хэвлэлийнхэн  өөрсдөө ч тэгээд их сонин болчихож. Үхэл хагацал, банкнаас хүн амьтан мөнгө идэж уулаа гэхээр л бүгдээрээ шавчихдаг. Бид нар чинь хааяа хааяа нэг аятайхан юм хийх гээд хэвлэлийн хурал энэ тэр зарлахаар ирдэггүй ш дээ. Дандаа тийм хар бараан юманд дуртай болчихсон юм уу гэмээр л.

-Таны уран бүтээлийн хувьсалаар чинь Японы нэг оюутан дипломын ажил хийсэн гэж дуулсан юм байна. Ер нь анх зурж байсан зурагнуудаа одоо зурсан зурагнуудтайгаа харьцуулахад ямар байдаг вэ?
-Нөгөө эволюц гэдэг шиг л яг л нөгөө хөгжлийн үе шатууд харагдаж байгаа юм л даа. Залуу байх  үеийн сэтгэлгээ гэдэг бас сонин. Япон оюутан миний уран бүтээлээр дипломын ажил хийсэн байсан. Энэ ажил дээрээс харахад миний  эволюц харагдаж байгаа юм л даа. 1985, 1987 онуудад зурж байсан зураг гэхэд л шал ондоо. 85-онд  Япон, АНУ-ыг шоглож зурдаг байсан бол 1987 онд Ардчилалын уур амьсгал ороод даргаа зурах гээд оролдчихсон байх жишээтэй. Маркс,  Ленингээ зураад л.  Гэхдээ энийг  Монголдоо хэвлүүлж чадахгүй л дээ. Польшд хэвлүүлж байсан. 90, 91 онд Чингис хаанаа зурж чаддаг болсон жишээтэй.  2001 онд хоёр хөршөө зурж эхэлсэн гээд энэ бол ерөөсөө бас түүх л болчихож байгаа юм.   Энэ дипломын санаа бол нэг уран бүтээлчийн уран бүтээлийн өөрчлөлтөөр бүхэл бүтэн Монголын нийгэмд гарсан өөрчлөлтийг үзүүлчихсэн байгаа байхгүй юу. Аягүй сайн диплом болсон гэж бодож байгаа. Би тэгээд үүгээр их бахархаад, онгирох гээд   байгаа ш дээ. Ер нь тэгээд юм аа хийгээд  л яваад байвал бурханы ивээл гэж байдаг байхгүй юу. Дуртай юм аа хийгээд л ингээд сууж байх гоё  ш дээ. Би ч одоо нэг тахир дутуу хүн шиг энэ ажлын өрөөнөөсөө бараг гарахгүй,  эргэж харж дуу сонсчихоод, компьютер дээрээ юм хийчихээд, ингэж номоо уншчихаад, ийшээ сууж зургаа зураад ингээд л сандал дээрээ сууж байгаад хамаг ажлаа амжуулаад. Дээр Равдан ахад муу дүү нь тахир дутуу хүн шиг ингээд л сууж байдаг ш дээ гэсэн чинь “ёр ёр” гээд.  

-Одоо уншиж байгаа номыг тань  сонирхож болох уу?
-Номны тухай ярих зүйл  их байна л даа. Манай зохиолчид хүмүүсийг ном уншихгүй байна гээд байдаг. Тэгтэл энэ зохиолч  нар чинь өөрсдөө 80-аад оноороо байгаад байгаа байхгүй юу. Тэгээд нэг их  утга уянгын, зузаан намтар түүх яриад л. Бид нар шиг долоон хоногоор ном уншаад суудаг завтай хүн байхгүй ш дээ. Сайн сайн юм бичээд байгаа зохиолчдын номыг угаасаа манайхан аваад уншаад л байна шүү дээ. Яг одоо миний уншиж байгаа ном Б.Цэнддоо, Б.Баабар нарын цуврал номын эхний дөрвөн ботийг харж байна. Б.Баабарын  “ХХ зууны түүх” гээд л гайхалтай ном байна. Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо” бас гайхамшигтай, уншаад уйддаггүй. Энэ хоёрынхоо номыг сүүлийн үед их уншиж байгаа. Тэгээд ч би дээр энэ хоёрт хэлсэн. Та хоёрыг шүүхэд өгөх гэж байгаа гэж. Энэ хоёрын номыг уншаад ажлаа хийхээ болиод асар их хохирлоо гээд. Тэгэхээр сайн номыг бол уншаад л байдаг байхгүй юу.  Зохиолчид өөрсдөө хөгжих ёстой.  Одоо бас сайхан цаг ирж байна. Номын дэлгүүрүүд энэ тэнд нээгдээд, орохоор залуучууд ном уншаад л. Одооны хүүхдүүдийг бас ном уншихгүй байна гээд хэтэрхий шүүмжилж болохгүй. Угаасаа тийм зав ч алга энэ зурагт, кино, интернет, диско гээд бидний үе шиг тийм хийх юм олдохгүй үе биш шүү дээ. Бидний үед чинь долоо хоногт гурван удаа зурагт  гарна. Бусад үед нь угаасаа ном уншихгүй юу хийхэв дээ. Би одоо насанд хүрсэн хойноо л тэр Том, Жерри энэ тэрийг чинь үзсэн  ш дээ.Тэгэхээр бид нар бол тийм аймаар нийгэмд амьдарч байсан байхгүй юу.  Арал дээр л  байсан гэсэн үг. Яг нөгөө Робинзон Крузо шиг амьдарч байсан байгаа биз. Тэгээд бид нарыг их газар дээр авчраад тавьчихсан чинь “уг нь арал дээр байхад гоё байсан” гээд зарим хүн уйлагнаад байх юм.  Тийм новшийн байж болохгүй ш дээ. Тэгээд тэр Ю.Цэдэнбалынхаа хөшөөг барина, Зөвлөлт, Монголын харилцаа гээд л дуулаад л. Хамгийн гол арал дээр байлгаж байсан хүн чинь энэ хүн байхгүй юу. Бүх юм чөлөөтэй нээлттэй, зуун, мянган солигдохыг хараад бид нар чинь галзуу гоё үед амьдарч байгаа байхгүй юу.

-Тийм шүү. Үүний ачаар  та бид өөрийн олон хүсэл, сонирхлыг биелүүлж чадаж байгаа. Таныг манай хөгжим сонирхогчдын дундаас хамгийн олон пянз, цомогны цуглуулгатай гэцгээдэг. Цомгийн  тоо хэр зэрэг  нэмэгдэж байна?
- Цомог нэлээд сайн цуглуулж байна. Одоо ч тэгээд техникийн хөгжлийг гүйцэх их хэцүү болж л дээ.  DVD гээд цуглуулж байсан чинь Blu-ray гээд гараад л ирлээ. Техник технологи хөгжөөд гоё болчихож дээ. Жишээ нь Oliver Shanti-гийн  ганц тоглолтыг олох гээд зовдог байсан бол одоо бол бүх тоглолтыг нь багтаасан mp3 гээд энэ байж байна ш дээ. Энэ бүх хөгжлийг гүйцэх гэсэн  нэг ийм хүн л болчихоод байна шүү дээ. Цуглуулга бол их бий. Яагаад гэхээр энэ чинь миний хоёр дахь том хобби болохоор. Цомог, пянз гэхэсэээ илүү бас хөгжмийн холбогдолтой ном бас их бий. Битлзийн  тухай ном энэ тэр ер нь их бий шүү. Энэ юмнууд чинь нэг дор цуглараад  ирэхээр их үнэ цэнэтэй болчихдог байхгүй юу. Уул нь хэрэглээний бүтээгдэхүүн  л дээ. Хэдэн зуун мянгаар нь гаргадаг. Энэ бүгдийг төрөлжүүлээд нэг дор болчихоор их үнэ цэнэтэй болчихож байгаа юм болов уу даа. 

-Таны энгийн өдрийн ажлын цаг тань хэд байдаг вэ?
-За даа. Бид нар чинь орой хүмүүс унтсаны дараа, нам гүм болохоор л маш их идэвхтэй ажилладаг ш дээ. Одоо 18,00 цагийн үе чинь бараг л өдрийн хоолны цаг юм уу даа. Үүнээс хойш маш их ажил байна л гэсэн үг дээ.

-Сүүлийн асуултыг таньд үлдээе.
-Би ганцхан л юм хэлье. Бид нарын, хүн болгоны дээр счётчик /тоолуур/ гэж юм байдаг байхгүй юу. Тэр нь муу үйл хийхээр л гүйгээд байдаг. Хүмүүс машин зарахдаа счётчикийг  /тоолуур/ нь  багасгачихдаг ш дээ. Хүнийх болохоор тэгэх боломжгүй. Чи ганцаараа байхдаа хулгай хийгээд хүн мэдээгүй гэж бодох хамаагүй, нөгөө дээр чинь байдаг счётчик /тоолуур/ чинь л гүйгээд байдаг байхгүй юу. Муу юмыг хийхээс өмнө сэргийлнэ гэдэг чинь тэр гэгээрүүлэхийг хэлж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл энэ счётчикийг  /тоолуур/ ойлгуулах хэрэгтэй. Одоо энэ счётчик  нь гүйчихсэн хүн аягүй их байна ш дээ. Счётчик нь их гүйчихсэн хүмүүс эцэст нь яадгийг  тэртээ тэрэнгүй харна л даа. Хүмүүс нэг тэгж ярьдаг ш дээ “Тэднийх насаараа хүн алж хядсан, матсан  тэгээд өөдлөөгүй” гэж ярьдаг чинь л байхгүй юу. Ер нь бол сайн юм заавал дийлдэг гэсэн байгалийн, бурханы хуулийг л санах хэрэгтэй. Бүх муу юм арилж, сөнөж дуусдаг гэдгийг ойлгох хэрэгтэй л дээ. Хүүхдүүдэд бол бүр зурж байгаад үзүүлмээр санагдаад байдаг юм. Чиний дээр ингээд нэг ийм счётчик байдаг гээд л.

-Баярлалаа. Манай сайтанд зочилсонд.
-Баярлалаа.    

Ярилцсан Ч.Болортуяа
https://gogo.mn/r/8601







Otgo, Tsatsralt, Tsogtbayar and Zaya
Otgo, Tsatsralta, Tsogtbayar and Zaya. 2014 Ulaanbaatar



















1000 Portraits
11 March 2022, Berlin

Mongolian Art