Э.Отгонбаяр:
Нэг л өдөр Антарктидийг зорино доо
Их хөлийн газар
болох Герман улсад амьдарч, уран бүтээлээ туурвиж буй Э.Отгонбаяр
өөрийгөө “Хоёр тивийг холбож яваа хөтөлгөө морьтой хүн. Би монгол
ухаанаар харж, европоор сэтгэж чаддаг” гэж тодорхойлсон удаатай.
Хүмүүст оньсого мэт санагдахуйц өвөрмөц бүтээлүүдийн эзэнтэй ярилцлаа.
– Нүд эрээлжлэм олон өнгөтэй, хэтэрхий
гэмээр нягт дүрслэлтэй, гэсэн атлаа хөдөлгөөнтэй, заримдаа стерео
зургийг санагдуулам бүтээлүүдийг та асар том талбайд урладаг. Эзэлхүүн
хийгээд өнгө, дүрслэлийн ийм “түрэмгийлэл”-ээр үзэгчдэд юуг харуулахыг
хүсдэг вэ?
– Бүтээл болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг. Хүмүүс аливааг хүлээн
авах, харах өнцөг нь өөр байдаг учраас би ямар нэгэн тайлбар өгвөл
тэрхүү утгаас нь хазайж байна гэсэн үг. Учир нь амьдрал нэгдмэл утгаар
оршин тогтнодог. Ертөнцийн юмс үзэгдэл өөр хоорондоо харилцан
хамааралтай. Ганцаар оршин тогтнодог зүйл гэж энэ хорвоод үгүй. Бидний
амьдрал, цаашлаад байгаль дэлхий ч тоолж барамгүй олон зүйлээс
бүрддэгээрээ тун баялаг. Тийм учраас миний бүтээлүүдийн бичил жижиг
хэсгийг нарийн харж байгаад бүхэлд нь харахыг оролдоорой. Энэ
асуултынхаа хариултыг та тэндээс олж мэдрэх болно. Үгээр илэрхийлэх
боломжгүй сонин содон зүйлс амьдралд олон бий. Гэвч үүнийг уран зургаар
л илэрхийлэх боломжтой.
– Ж.Чинбат гэдэг эрхэм “Э.Отгонбаяр
буддист арга барил буюу шүтээн урлалаар абстракт зураг зурсан нь, түүн
дотроо маш этгээд сонин дүрслэл бүхий мянга мянган хүн, амьтнаар баялаг
өрнүүн түүх өгүүлдэг нь барууныханд сонирхолтой санагддаг биз” хэмээн
таны тухай нийтлэлдээ дурджээ. Харин та 1998 оноос хойш хоёр сая орчим
морь зурсан гэв үү. Нэг талбай дээрхамгийн олныг зурсан нь аль бүтээл
вэ?
– Нэг бүтээл дээр хэдэн хүн, амьтны дүрс зурсан нь надад чухал биш.
Гэхдээ л хүмүүс асуугаад байдаг юм. Нэгэн дүү маань миний зурсан бүх
морийг компьютерийн тусламжтайгаар тоолоод “Хоёр сая орчим байна”
гэсэн. “Туушин” зочид буудлын хойморт байрладаг 720 х 440 сантиметр
хэмжээтэй бүтээлд 70 орчим мянган адууг хийсвэр байдлаар дүрсэлсэн юм.
– Одоогоос дөрвөн жилийн өмнө шүү дээ.
Берлинд 20 мянган уран бүтээлч байдаг тухай та ярьсан байсан. Энэ тоо
бүр л нэмэгдсэн байх даа. Өрнө, дорныг холбосон хөтөлгөө морьтой
зураачийн маань тэднээс ялгарах гол өнгө юу вэ. Монгол ахуйг абстракт
дүрслэлээр харуулсан бүтээлүүдийн тань хажуугаар өрнөдийн урлаг
судлаачид, шүүмжлэгчид, үзэгчид лав дуугүй өнгөрдөггүй байх аа?
– Берлин хот бол дэлхийн уран бүтээлчдийг соронз мэт татаж байгаа
газар. Жил ирэх тусам энд суурьшиж уран бүтээлээ туурвих хүсэлтэй уран
бүтээлчид олон орноос зуу зуугаараа нэмэгдэн ирж байна. Газар зүйн
байрлалын хувьд төдийгүй амьдрахад дарамт багатай, эрх чөлөөг
мэдрүүлдэг газар бол яах аргагүй Берлин хот юм. Олон үндэстний хүмүүс
оршин суудаг энэ газарт хэн нэгнийг, аль эсвэл соёлыг даган
дуурайхгүйгээр яг өөрийнхөөрөө байж болдог. Миний хувьд, бусдын нөлөөнд
автахаасаа илүү Монголын уран бүтээлч гэдгээрээ танил болохыг
эрхэмлэдэг. Ер нь өөрт байгаа соёлыг бусдад түгээх сайхан шүү дээ.
Хүмүүс бүтээлүүдийг маань хараад “Ийм зураг урьд нь огт харж байгаагүй
юм байна” гэж хэлдэг. Үүнээс сайхан магтаал гэж юу байх вэ.
– Берлин хотод та анх 2005 онд суралцахаар очсон юм билээ. Хэн гэдэг эрхэмд шавь орж байв?
– Тэр үед би хэн нэгэнд шавь ороогүй. Уран зургийн боловсролыг
Монголдоо эзэмшсэн 25 настай чөлөөт уран бүтээлч байлаа. Тийм болоод ч
тэр үү Германд ирээд хэн нэгэнд шавь орох бодол байсангүй. Харин
өөрийгөө илүү хөгжүүлж, дэлхий ертөнцтэй танилцахыг эрмэлзэж байв.
Эхний хоёр жилд маш их үзэсгэлэн үздэг байсан. Тэгж явахдаа өөрийгөө
ямар түвшинд, хаана яваагаа мэдэрсэндээ. “Хурдхан л уран бүтээлдээ
орохсон” гэж яардаг байж. Гэхдээ эхлээд герман хэлний шалгалтдаа тэнцэх
ёстой байлаа. Үүний дараа урлаг судлалын чиглэлээр Берлиний Урлагийн их
сургуулийн харъяа Institute for Art in Context-д гурван жил суралцаж,
2010 онд Master of Arts-ийг төгссөн.
– Сургуулиа төгсөөд “Зураг” гэдэг
галерей байгуулж, дараа нь “OTGO” болгон өөрчилсөн. Берлин дэх энэхүү
арт галерей тань хоёр салбартай. Санхүүжилтээ анх яаж босгосон бэ.
Байрны түрээсээс эхлээд өртөг зардал ихтэй биш үү?
– Уран бүтээлч гэж дуудуулах сайхан ч уран бүтээлээрээ амьдралаа авч
явна гэдэг амаргүй. Гэвч би өөртөө итгэлтэй, зоримог шийдвэр гаргасан.
Эрсдэлээ өөрөө үүрч, сайн найз нөхдийн дэмжлэгтэйгээр 2010 онд “Зураг”
галерейгаа байгуулж байлаа. “Урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө”
гэдэг шиг олон цаг эрч далайцтайгаар ажилладаг байсан юм. Түүнээсээ ч
их туршлага хуримтлуулж, танилын хүрээгээ тэлсэн. Ажил руугаа явж
байхад гудамжинд хүнгүй шахам байдаг байсан бол ажлаасаа тараад харьж
явахад мөн л хүн цөөтэй байдаг байв. Миний хувьд, бүтээлүүдээсээ олсон
орлогоороо санхүүждэг. Германд тухайн галерейг ажиллуулж байгаа хүнийх
нь нэрээр нэрлэдэг болохоор 2013 оноос “OTGO” болгон өөрчилж үйл
ажиллагааных нь цар хүрээг хумьсан. Одоо өөрийнхөө уран бүтээлүүдэд
анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Цаг хугацааны явцад том хэмжээтэй
бүтээл туурвих шаардлагатай болсон. Тийм учраас том, жижиг хоёр урланд
уран бүтээлээ туурвиж, тэндээ байнгын үзэсгэлэн гаргадаг болсон доо.
– “Берлинд амьдардаг уран бүтээлчдэд
боломж их. Орлого нь багасч, төлөх татварынх нь хэмжээ буураад ирэхээр
хорооных нь хүн ирж судалж, санаа тавина. Түрээсээ төлж чадахгүй боллоо
гэхэд орлого нь нэмэгдтэл тэр хүний өмнөөс төлдөг. Тэтгэмжийн
сангуудтай ч холбож өгнө. Ер нь тухайн уран бүтээлчийг ажилгүйчүүдийн
эгнээнд оруулахгүй тулд ихээхэн анхаардаг” гэж ярьсан тань сайхан
санагдаж байна. Уран бүтээлчид гэдэг хил хязгааргүй найзууд. Тэд танд
хэр тусалдаг вэ. Галерейгаа ажиллуулахад хотын захиргаанаас ч юм уу
ямар нэгэн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг үү?
– Герман улсын иргэд, ялангуяа уран бүтээлчдийг энэ тал дээр анхаарна.
Харин би тус улсад амьдардаг ч Монгол Улсын иргэн хүн. Тиймээс эндэхийн
холбогдох байгууллагаас дэмжлэг авах боломж бараг байдаггүй. Урлагийн
салбар учраас татвар нь бусад салбарыг бодвол арай бага юм даа.
– “Дүрслэх урлагийн салбарт 40 нас
хүрээгүй хүнийг онгироодоггүй”... Энэ бол таны хэлсэн үг. Харин ч
эсрэгээрээ биш үү. Нас яваад ирэхээр хүн илүү хашир, магадгүй аймхай
болно. Уран бүтээлчийн хувьд, огцом, зоримог шийдлийг бүтээлдээ тусгах
нь ч багасах болов уу. Тэгэхээр урлагийнхан ирмүүн, дэврүүн, онгироо
байж гэмээнэ сайн уран бүтээл туурвих ч юм билүү. Та юу гэж бодож байна
вэ. Хэдэн жилийн өмнө хэлсэн дээрх үгнээсээ одоо буцмаар санагддаг уу?
– Арай өөр утгаар хэлсэн үг л дээ. Ер нь дүрслэх урлагийн ертөнцөд
хүлээн зөвшөөрөгдөх амаргүй. Энэ бол үзэгчдийн урлагийн боловсролтой
их, бага хэмжээгээр хамаатай. Тэр дундаа залуу уран бүтээлчдийг тийм ч
хурдан хүлээн зөвшөөрдөггүй юм. Давааны цаадахь давааг давсаар байж,
олонд өөрийгөө болон бүтээлүүдээ таниулж, ойлгуулж байж нэр хүндийг
олдог. Дүрслэх урлагийн түүхээс харахад 40 нас хүрээгүй байхдаа од
болсон уран бүтээлчид цөөхөн байдаг.
– Монголоос гадна Герман, Голланд,
Швед, Швейцар, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг олон оронд та
үзэсгэлэнгээ гаргасан. Дэлхийн уран зургийн ертөнцөд ер нь юу болж
байна вэ. Тэд –измээс татгалзаад эхэлчихсэн үү, аль эсвэл сэргэн
мандлын үе рүүгээ буцаад “алхаж” байна уу. Уран зураг гэдгийг өрнөдөд
өнөөдөр хэрхэн тодорхойлж байна вэ?
– Уран бүтээлч хүн ямар нэгэн -изм-д баригдалгүйгээр бүтээж туурвих
хэрэгтэй. Орчин үед интернэтийн давуу талыг ашиглаж, урлагийн түүхийн
бүх цаг үеийн хөгжлийг нэг дороос харах, ажиглах, сурах боломжтой
болсон. Тийм учраас урлаг хүссэн, хүсээгүй шинэчлэгдэн өөрчлөгдөж
байна. Сүүлийн 20 жилийн технологийн хөгжилтэй ямар нэгэн байдлаар
холбогдож, аль эсвэл өрсөлдөж, байр сууриа алдахгүйн тулд цаг үеэ
мэдэрч, хувьсан өөрчлөгдөхөд орчин үеийн хүмүүсийн сэтгэхүй их нөлөөлөх
болсон. Германы үзэгчдийн урлагийн мэдрэмж, боловсрол маш өндөр түвшинд
байдаг.
– Бидэнтэй нэгэн цаг үед амьдарч буй хамгийн алдартай зураач гэвэл та хэнийг нэрлэх вэ?
– Ихэнх уран бүтээлч бүтээлээ илэрхийлэх “хэл”- ээ олчихвол тэрхүү
“хэл”-ээрээ л туурвиад байдаг. Гэтэл Gerhard Richter тухайн цаг үеэ
мэдэрч, байнга хувьсан өөрчлөгдөж байдаг хүн. Тийм учраас энэ цаг үеийн
хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч болж чадсан.
– Хамгийн сүүлд аль улсад лекц уншив?
– Зургаа зурахын зэрэгцээ судалгааны ажил хийж, зураг зурж байх үедээ
түүнийгээ олон талаас нь бодож тунгаах дуртай. Энэ бүхнээс урган гарсан
шинэлэг санаагаа хүмүүстэй хуваалцаж, мэтгэлцэх сонирхолтой учраас
заримдаа илтгэл тавьдаг юм. Өнгөрсөн гуравдугаар сард Германы “Rotary
club Kloster Zinna”-д илтгэл тавилаа.
– Ази, Европын хотуудад зураач нар
гудамжинд, голын эрэг дээр уран бүтээлээ туурвиж байгаа харагддаг. Олон
жилийн уламжлалт хотын соёлын нэгэн өнгө төрх нь болсон гэх юм уу даа.
Гэхдээ тэд хэр хангалуун амьдардаг бол. Байгалийн зураг, хүмүүсийн
хөргийг зураад хангалттай орлого олж чаддаг болов уу?
– Хуучин цагт гадаа суунгаа гудамж, талбай, байгалийн зураг зурдаг
мэргэжлийн уран бүтээлчид байлаа. Харин одоо хүмүүс дуртай зүйлдээ цаг
заваа зориулж, чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа хэрэг. Дээр хэлсэнчлэн энд
хүмүүсийн урлагийн боловсрол өндөр учраас хүүхдүүд нь багаасаа уран
зураг, хөгжмөөр хичээллэдэг. Эзэмшсэн мэргэжлээсээ гадна чөлөөт цагаа
зөв боловсон өнгөрүүлэх, урлагаас таашаал авах зэрэг олон шалтгаанаар
хүмүүс нь зураг зурах дөртэй, хөгжим сайхан тоглодог нь надад
таалагддаг. Хөрөг зураг зурдаг хүмүүсийг “Хангалттай сайн орлоготой”
гэж бодохгүй байна. Гэхдээ тэдний дунд үнэхээр авьяастай хүмүүс байдаг
байх. Тэгээд ч зарим нь их мөнгө олох зорилгоор бус, дуртай зүйлээ хийж
амьдралдаа сэтгэл хангалуун явдаг юм. Надад тийм найз нөхөд олон бий.
– Антрактидад очиж үзсэн үү.
“Антрактидийн дэлгэмэл хөрөг”-ийг та бүтээсэн байна шүү дээ. Багагүй
судалгаа, цаг хугацаа шаардсан байх даа?
– “Очиж үзэхсэн” гэж боддог. Нэг л өдөр Антарктидийг зорино доо. Харин
энэхүү 300 x 900 сантиметр хэмжээтэй зургийг зурах гэж их ядарсан. Хүн
төрөлхтөн байгаль орчинтойгоо буруу харьцсанаас үүдэлтэйгээр бий болсон
цаг агаарын өөрчлөлтөөс болж ургамал, амьтдын зарим төрөл устаж үгүй
болж байна. Цаашлаад хүн төрөлхтний оршин тогтнолд ч аюул заналхийлэх
боллоо. Дэлхийн дулаарлын улмаас эхлээд мөс, дараа нь хүн төрөлхтөн
аажмаар “хайлан” урсаж байна. Байгаль дэлхий сүйдэж буй бодит байдлыг
хараад сэтгэл эмзэглэдэг. Үүний илэрхийлэл бол миний уран бүтээл болох
“Антарктика панорама” юм. Оцон шувууны хувь заяа их сэтгэл хөдөлгөсөн.
Энэ амьтнаас бид өөрсдийгөө олж харж болно. Бид энэ амьтан болон
ирээдүй хойчийнхоо төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. “Антарктика
панорама” их шүүмжлэл агуулсан бөгөөд гунигтай бүтээл юм. Өнгө будаг
цас, мөс, оцон шувуутайгаа уйлан хайлан урсдaг.
– Берлинд буддистууд хэр олон байдаг
вэ. “Бурхны зургийг гараараа бус, бясалгаж буй мэт сэтгэл, оюунаараа
бүтээдэг. Энэ үед яг л бясалгаж байгаа мэт шинэ эрч хүчийг мэдэрдэг.
Зураач хүн бурхдын дүрийг бүтээхдээ хамгийн сүүлд мэлмийг нь
тодруулснаар бурхад амилдаг” гэж та хэлжээ. Хэр олон бурхныг амилуулсан
бэ?
– Буддын гүн ухааны холбогдолтой шүтээн зураг 600 орчмыг хийж судалсан.
Гэхдээ би энэ чиглэлээр зурахаа болиод арав гаруй жил болж байна. Хүн
төрөлхтнийг сэрээх Буддын гүн ухаан өдөр ирэх тусам өргөн дэлгэрч
байгааг би мэдэрдэг. Берлинд жилд дунджаар 15 мянга орчим хүн Христийн
шашнаас татгалзаж, тэдний багахан хувь нь Буддын гүн ухааныг сонирхон
судалж эхэлдэг тухай мэдээлэл уншиж байлаа.
– Уран зураачийн хувьд дэлхийн дэвжээнд гарах амбицаа та хэдийнэ илэрхийлсэн. Зорилгодоо хүрч чадсан уу?
– Өөртөө итгэлтэйгээр уран бүтээлээ туурвиж байхад цаг хугацаа бүгдийг
харуулна. Бодож санасан зүйлс, хийх ажил маш их байна. Нэг зүйлийг
хэлэхэд, уран бүтээлч хүнд хийж амжаагүй бүтээл нь дандаа гайхамшигтай
санагддаг.
– Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
С. Баттулга